Тэмээний баяр
Саяхан буюу 2 сарын 15-16-нд Өмнөговь аймагийн Булган суманд тэмээний баяр болсон юм. Би бол тэмээг ойроос үзээгүй амьтан байсан болохоор их сонирхолтой байсан. Уг нь тэмээ унаж тугаа бариад, жагсаал цуглаанд нь оролцоно гэж бодож байсан боловч айгаад ойртож ч чадахгүй юм билээ.
Би өглөө мангар эрт гараад нисэх очих гэж бөөн юм болсон. Миатын нэг жижиг онгоцоор цаг хагас яваад Даланзадгад хот хүрдэг юм билээ. Тэндээс машинаар гурван тэмээ гэдэг баазад хүрч үдийн цайгаа уугаад булган сумруу баяртаа явлаа. нийт 100 км. Монгол оронч агуу том газар нутагтай юмаа. Хөдөөнийхөн маань ч тэр хэрээрээ сэтгэдэг бололтой. Мань мэт нь хотын хэдхэн м2 газартаа л юмыг хардаг ажээ.
Баяр бол их сонирхолтой болсоон. Эхний өдөр нь Тэмээний жагсаал парадаар баяр эхлэв. Үнэхээр олон тэмээ нэг дор харах нь сайхан, сүрлэг байв. Зохион байгуулалт ч бас сайн байсныг хэлэх хэрэгтэй. Говийн ард түмэн бас баярлаж чаддаг, хөдөлмөрлөж чаддаг, тэмээндээ хайртай ард түмэн юм.

Дараа нь тэмээтэй сайхан хос шалгаруулах тэмцээн болов. Үнэхээр сайхан хосууд. Үүнд эдгээр хосууд бүр хөдөө мал малладаг, тэмээгээрээ бас өөрсдийнхөө залуу насаар гоёсон сайхан залуучууд байв. Тэмдэглэх нь энэ цагаан сарын дараахан 2 жуулчин монголын говьд аялж, монгол айлд монгол заншлаар хуримаа хийсэн байна. Тэр хоёр энэ тэмцээнд оролцож шилдэг гадаад хосоор шалгарав. Мөн нэг жуулчин эмэгтэй түрүү жилийн тэмээний баяраар ирээд буцахдаа БИ ДАРАА ЖИЛ ИРЖ САЙХАН ХОСЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО гэж хэлээд явсан байна. Тэр эмэгтэй ирж оролцоод гадаад хосын 2-р байр эзлэв. Говь нутаг маань гадныханы сэтгэлийг үнэхээр их татаж байна.
Монгол хосууд бол үнэхээр сайхан байсан. Монгол хүн гэдгээрээ, говийн хүн гэдгээрээ бахархаж яваа залуусыг харах нь хамгаас сайхан юм. Хатуу ширүүн, хахир хүйтэн гэж голохгүй говьдоо эзэн болж яваа тэднээр бахархацгаая.




Сайхан хосын тэмцээний дараа Монгол оронд шинэ тутам хөгжиж багйаа тэмээн пологийн шувтаргын тоглолтыг үзэв. Хөлбөмбөгийн хэрийн талбайд футзаалны хаалга шиг жижиг хаалганд тэмээ унасан хаалгач зогсоод тэмээний нүд шиг жижиг бөмбөгийг хоккейн клюшиг шиг цохиураар нэг талаас 5 тоглогч нийлээд 10 тоглогч цохиж залан эсрэг багийнхаа хаалганд оруулж оноо авах замаар хождог юм байна. Сонин юм их байлаа. Тэр том сүрлэг амьтад ингэж жижигхэн бөмбөг хөөж явах нь надад лав бөөн залхуу санагдав. Тэднийг унаж яваа тамирчид харин тэмээдээ гар, санааныхаа аясаар эдэлж чаддаг бололтой. ямарч байсан нэг баг нь илт давуу тоглож 2-0 харьцаагаар хожив. Авхаалж самбаа, эр зориг шаардсан спорт юм.


Дараа нь шагайн харваан тэмцээн болов. /Гампын хэлдэгээр нэг хурууны спорт/, Говийн хөдөлмөрчид маань эх орноо бас их боддог бололтой. БИднийг түрүүлж ороход жирийн харвадгаараа харваад л байснаа жуулчид орж ирэхэд харин илт сэргэж, сууж байгаа улсууд оноход нь уухайлж, уртын дууныхаа аяыг аялж монгол уламжлал, баярын жавхааг гайхуулаад авч байна. Надад энэ нь сайхан санагдав. мань мэт нь яах вэ. тэр гадныхан л биднийг муугаар бодоосой. Гамп шиг нэг хурууны спорт гэж бодолгүй, ая дантай, ёс журамтай, уламжлалт, гэхдээ өргөн дэлгэрсэн, тэвчээр, нүдний хараа, баримжаа, тооцоо нэлээн шаардсан спорт гэж ойлгож авав. хамгийн гол нь тэрэн дээр Монгол гэсэн өвөрмөц төрх хадгалагдаж байгаад хамгийн их баярлав.


Орой дунд сургуулийн хүүхдүүдийн ботгон тэшээ гэдэг урлагын тоглолт болов. Үүнийг харин үзээгүй билээ. Үүнээс гадна говь нутгийн бүтээгдэхүүн, сонин содон бүхнийг дэлгэсэн худалдаа явагдаж байсан. Чулуун сийлбэр их хийдэг бололтой. Сонин байсан.
Дараагийн өдөр. Тэмээний уралдаан болов. Бүдүүн тэмээ буюу нас гүйцсэн тэмээд 15 км зайд уралдав. 32 тэмээ уралдсан байхаа. Бас их хол газар байна билээ шүү. Монголчууд бид ч тэр орон зайн хувьд өөр сэтгэлгээтэй улсууд даа. Уралдсан тэмээдэд бооцоо тавьж иргэд болон жуулчид өргөнөөр оролцов. Нийт 300 гаруй хүн бооцоо тавьсанаас гучаад хүн түрүүлэх тэмээг зөв таасан нь харин нэг юм хэлж байна. Нутгийн иргэд багцаатай байсан байх. манай жолооч хүртэл таасан шүү. азтай залуу.


Үдийн хоолны дараа торомны уралдаан явж, мөн бооцоо тавьсан. Дараа нь буухиа тэмцээн буюу жинхэнэ сонирхолтой тэмцээн эхэллээ. 5 баг тус бүр 5 хүний бүрэлдхүүнтэй оролцов. Тэд гэрээ, малдаа өгөх өвс, тэжээл, хучир шүү, зэргээ ачин тэмээн жингийн цуваагаар талбайд хүрэлцэн ирэв. Мөн хоёр хоёр хангал буюу эдэлгээнд ороогүй, догшин тэмээ авчирсан байв. Инээд ачаагаа буулгаад олон төрлин тэмцээн уралдаанаар хоорондоо өрсөлдсөн болно. Хамгийн сонирхолтой нь гэрийн буурийн чинээ дугуй талбай татаж байгаад тэр дотроо хангал тэмээгээ унаган буйллаж, тэмээнийхээ ноосыг хайчлан шууд газар дээр нь дээс томон бурантаглаж, дараа нь тэр тэмээгээ туйлуулж сургах юм. Нэн сонирхол татсан нь нэг баг нь 5 эмэгтэй хүний бүрэлдэхүүнтэй байсан ба нэг нь бүр чуганц байв. Тэр тавын тэмээгээ хэрхэн унагаж, буйллаж, сургаж байгаад хараад эдгээр эмэгтэйчүүд буюу говийн эмэгтэйчүүдийн ажилсаг, шаламгай эрэмгийг бахдав. Үнэхээр гайхалтай.





Товчхондоо маш сонирхолтой болсон бөгөөд сэтгэл дундуу жуулчин огт үгүй байсныг тэмдэглүүштэй. Ямартай ч японы өвгөн жуулчны уйлсан үлгэр давтагдаагүй, бүгд сэтгэл хангалуун буцсан билээ. Хамгийн гол нь энэ аялалд нислэгийн асуудал хүндрэлтэй байсан бөгөөд Монголын иргэний агаарын тээвэр хичнээн өчүүхэн гэдгээ мэдүүлсэн гэхэд болно. Жуулчид хангалттай их байсан, хамгийн гол нь нислэгийн даац байхгүй. хэхэ. ичмээр дамшиг билээ шүү. Бидэнд үйлчилсэн МИАТ, Изнис компани, нисгэгч үйлчлэгчдэд талархаж байна. Ялангуяа МИАТ-ын хөөрхөн эгчид. Өөгүй ажилласан. Харин тэр удирлагууд нь юм бодмоор юм. Ийм цөөхүүлээ байж, цаашид хөгжиж дэвшихээ бодоод эвтэй найртай ажилламаар юм. Энд Аэромонголий компани нислэг үйлдэж байсан бол мөн их хүнийг аялуулах байлаа.
Нөхөд энэ аялалыг сонирхож үзвэл бас уйдахгүй юм билээ шүү.
Дахин ачаалав.


Сэтгэгдэлүүд:
хэлэхэд эвгүй нэртэй нөхөр уг нь хаа сайгүй л явдаг бололтой юм даа.
zuragnuud bas dajgui avsan bna.
Сэтгэгдэл үлдээх: