Нийслэл хот Богд,
Сонгино, Чингэлтэй, Баянзүрх хэмээх үзэсгэлэнт 4 уулын дунд оршдог.
1778 оноос онголон дархлагдаж ирсэн Дэлхийн анхны дархан цаазат газар
Богд хан уул бол Нийслэл Улаанбаатар хотын гоё сайхан хүрээ болсон,
жуулчид, аялагчдыг хамгийн түрүүнд угтан баяр хүргэж сайн сайхныг
билэгдэж байдаг. Ам бүр нь урсгал тунгалаг устай 20 томоохон амтай, 160
орчим км, 36,5 мян га талбайг эзэлдэг. Чамин тансаг энэ ууланд 12
дугаар зууны дунд үеээс Керейдийн Ван хан нутаглаж байсан учир “Хан
уул” гэж нэрлэсэн, хожим нь Их-Хүрээ суурьшихад /1778 он/ Богд гэгээн
энэ уулыг өмч болгон өргөсөн учир “Богд хан уул” гэж нэрлэсэн гэж
ярилцдаг. Энэ ууланд зүр, гур, буга, согоо,гахайнаас гадна дэлхийд
ховор хүдэр, үслэг ангаас булга, шилүүс, хэрэм, жирх, туулай, хярс,
үнэг, чоно, жигүүртнээс хур, сойр, тоншуул, ятга, шаазгай, харцага,
бүргэд, хойлог байдаг.
“Цэцээ гүн” хэмээх оргил дээр дөрвөн тийш харсан лавир /асар/-тай сийлмэл чулуун багана бүхий гоёмсог бяцхан сүм байжээ. Сүмийн дотор 3 алд хир төмөр нум, баатар эрийн хуяг дуулга, барсын арьсан хэвнэг эрээлж /эмээл/ хазаар, хударга, ташуур зэрэг нандигнан хадгалсан байдгийг Автай сан хааны зэр зэвсэг, эдлэл гэж нэрлэдэг байжээ.
Ноён оргил цэцээ гүн нь далайн түвшнээс дээш 2257 м өндөр.
Улаанбаатар хотын оршин буй энэ нутгийг газар зүйчид Монгол орны
физик газарзүйн хангай хэнтийн уулт их мужийн хэнтийн уулт дэд мужид,
байгалийн ойт хээрийн бүсэд хамааруулан үздэг. Тус хотын өмнөдөд орших
Богд хан уулыг XII зууны эцэс XIII зууны эхэн үед Хэрэйдийн ханлиг
улсын Тоорил хан тахиж байсан мэдээ бий. Ингэж уул, ус тахих нь дээд их
тэнгэр, лус, савдаг, өвөг дээдсийнхээ сүнсийг онголон тахиж, эрхэмлэн
хүндэтгэж ирсэн Монгол бөөгийн шашны эртнээс нааш уламжилсан уламжлал,
зан үйл билээ. Энэ уламжлал шарын шашинд уламжлагдан 1778 оноос Богд
хан уулыг дархан цаазтай уул болгож, түүний эзэн савдгийг жил бүр
хүндэтгэн тахидаг болжээ. Үүнийг дэлхийн дархан цаазтай газруудтай
харьцуулахад хамгийн ууган дархан цаазын газар гэдэг.
Богд хан уул нь хэнтийн нурууны хамгийн баруун өмнөдөд орших салбар уул
нь бөгөөд ойт хээрийн унаган төрхийг хадгалсаар буй юм. Энэ уулнаас
урагш манай орны тал хээрийн бүс шууд залгадаг болно. Богд хан уул
хоёр оргилтой. Монголчууд баруун зүгийг энх цагийн, сайн сайхны
бэлэгдэл цагаан тэнгэрүүд оршдог сайн зүг хэмээн үздэг учир хан
уулынхаа хоёр оргилыг баруунаас нь эхлэн тайлбарлья. Энэ уулын баруун
оргилыг “Баруун ширээ”, зүүнтэйг “Зүүн ширээ” хэмээн нэрэлдэг байсныг
Монголын уул, усанд хэргэм зэрэг шагнаж, цалин пүнлүү олгодог байсан
манж чин улсын үеэс баруун ширээд Түшээ гүн, зүүн ширээнд Цэцээ гүн
зэрэг шагнаж, зүүн оргил дээр мөргөлийн сүм барисныг “Богдын хийд” гэж
газрын зурагт тэмдэглэсэн байдаг. Түшээ гүн нь далайн төвшнөөс дээш
2200 метр Цэцээ гүн нь 2257 метр өндөрт өргөгдсөн оргилууд юм.
Аливаа уул, усын тахихдаа Монголчууд тахиж буй лус савдагт олон тооны
малаар өргөл өргөдөг байсан. Тэгээд лус савдагт өргөсөн малыг тусгайлан
сүрэглэж аль нэгэн хошууны ноёдод эзэмшүүлж хариуцуулдаг байсан бөгөөд
ийм малыг тэр уул усны “Сэтэртэй сүрэг” хэмээн нэрэлдэг байжээ. ХХ
зууны эхэн үед Богд хан уулын сэтэртэн сүргийг Сэцэн хан аймгийн
сэргэлэн гүнгийн хошууны засаг ноён Дугарсүрэн эзэгнэн харъяат албат
ардуудаараа маллуулдаг байжээ. Сэтэртэн сүргээс тухайн лус савдгийг
тахих тахилгын бүх зардлыг гаргадаг байсны дээр тахилгын зан үйл үйлдэж
байхад оролцох ажлын хүмүүс нь тухайн хошууны харьяат нар болон
сүсэгтэн олон байна. Сэтэртэн сүрэг нь сүсэгтнүүдийн өргөл, даатгал,
өглөг, буянаар болон төлөөрөө үржиж сэлгэгддэг мал аж ахуйн нэгэн
хэлбэр байсан юм.
Хэнтийн нурууны баруун
урд захад орших Богд хан уул нь герцины атриашлаар тогтсон. Энд дунд
төрмөлийн эриний боржиндуу чулуулаг зонхилно. Энэ ууланд шинэс голлосон
ой хөвчтэй бөгөөд хуш, гацуур, нарс, хус, улиас, хайлаас зэрэг модод,
нохойн хошуу зэрэг бут болон дэгд, сөд, алирс гэх зэрэг эмийн болон
өвслөг 220 гаруй зүйлийн ургамал ургана. Ойн буга, хүдэр бор гөрөөс,
янгир, зэрлэг гахай гэхчлэн олон зүйл ан амьтан араатан сар, тоншуул,
өрөв тас зэрэг жигүүртэн амьдарна.
Богд
хан уул эргэн тойрондоо 61 жалгатай, эдгээр жалгадын зарим нь сүшиг
бишрэлийн үүднээс их тэнгэр, бага тэнгэр, зарим нь байгалийн унаган
төрх баялагаараа Арцат, Нүхт, Хүрхрээ, Чулуут, Зуун мод, Түргэний зарим
нь Монгол улсын болон нийслэл хотынхоо түүхтэй холбогдсоны учир Төр
хурах, Шажин хурах, Зайсан, Өвөр зайсан бас зарим нь хэлбэр дүрсээрээ
Чандманьт, Залаатын ам гэх мэтээр нэрлэгдсэний дээр олонхи ам жалгууд
нь 1778 оны үеэс нааш байнгын харуул цагдаатай байсаар иржээ. Энэ уул
зүүн уртрагийн 1070, хойд өргөргийн 47048-д оршдог.
Хөхрөн харагдагч дээд тэнгэрээ хүмүүс бидэнд амь оруулагч, амьдрал
үүсгэгч “эцэг” хэмээн дээдлэн шүтдэг хөх зүгт суудалтай, хөх оройт
малгайтай, хонго –зоондоо хөх толботой төрдөг монгол түмэн энэхүү
дархан цаазат уулынхаа хоёр жалгыг их, бага тэнгэр хэмээн нэрлэдэг нь
эртнээс уламжлалтай билээ. Их тэнгэрийн амны доод биед нэгэн их хар
хадан дээр МЭӨ II мянган жилийн сүүлч I мянган жилийн эх буюу өөрөөр
хэлвэл хүрэл зэвсгийн үетэй холбогдох хүн, малын сүг зураг байдгийн
дээр үүнтэй хамт XIII зууны үеийн богтог малгайтай эмэгтэй зураг,
тухайн үеийн мөргөлийн тухай монгол, төвдөөр бичиглэсэн бичиг олдсон
байна. Энэхүү зураг бичгийн тухай А.П. Окландников бичихдээ “Их
тэнгэрийн ам хэмээх том биш ам бол тэнгэр тахидаг газар байжээ. Хар
хадны дэргэд баярын мөргөл ёслол болдог байв. ... Их тэнгэрийн амны
адаг дахь зураг нь Чингис хаан болон түүний залгамжлагч нарын үеийн
эртний Монголоос манай үед хүртэл гайхамшигт учралаар хадгалагдаж
үлдсэн хэлтэрхий мөн. Монголын эзэнт гүрний үеийн энэхүү гэрч баримт
бол “нууц товчоо” ны нэгэн адил хурц төгөлдөр бөгөөд өвөрмөц байдалтай.
Эдгээр бичиг зураг нь “нууц товчоо” нд нэмэлт болж чадна” гэж өндөр
үнэлсэн байдаг. Энэ бүхнээс үндэслэн Богд хан уул нь эрт дээр үеэс
уламжлалтай дархан цаазат уул байсан нь тодорхой байна гэж академич
Н.Ишжамц 1962 онд тэмдэглэсэн байдаг.1
Энэхүү эрт, дундад үеийн дурсгал нь нэгдүгээрт: хар хадан дээр
бүтээгдэснээрээ барагцаалвал одоогоос 3000-аад жилийн тэртээх онгон
тахилгат догшин хар тэнгэрийн дүрслэл бөгөөд өөрөөр хэлвэл догшин хар
тэнгэр болж хувилсан овгийн Сүлд шувуун тэнгэр нь харж манаж байдаг
эзэмшил нутгаа харьяат хүн ардуудаа мал хөрөнгөтэй нь мөнхөд харж
манаж, өмгөөлж хамгаалж байгааг дүрсэлсэн хэрэг. Хоёрдугаарт: эхийн
эрхэт овгийн байгуулын үеийн энэ тахилга XIII зууны үед ч уламжилсаар
байсан учир дээд тэнгэрээсээ нижигнэн буудаг, дэвжид лусаасаа цухалзан
харагддаг их тэнгэрээ ээж хэмээн зураглан дүрсэлж, түүнд өргөсөн
залбирал, даатгасан бичиглэл үлдээснийг шарын шашин ч уламжилсаар
ирснийг гэрчилж байна. Гуравдугаарт. Энэхүү эртний дурсгалт зүйл их их
тэнгэрийн амны адагт зүүн хошууны зүүн хойд талд бараг өөр аманд гэхээр
байрлалтай байгаа нь онгод тэнгэр тахигч бөө нь тахиж буй их тэнгэртээ
нүүр учран уулзахаар одохдоо замд тохиолдох элдэв лус, савдаг садаа
тээрэнгүүдэд танигдахгүйн тулд нүүр бууруулж /нүүрэндээ хаалт хийдэг/
тэр ч байтугай зарим их тэнгэрийг далдаас зүхэж тахидаг эртний зан
үйлийн илрэл мөн хэмээн үздэг юм.
Ийнхүү
эртний дээдэс маань хан гарьд юмуу эсвэл ямар нэгэн хүчирхэг шувуугаар
эзэгнүүлсэн Богд хан уулыг араар урсдаг /Туул, Дундгол, Сэлбэ/ гурван
голын саваар аж төрөн сууж байсан тухайгаа зураглаж үлдээсэн нь энэ
болой. Богд хан уулын зүүн талаар Туул голын солгой гараас цутгадаг
голыг Хөлийн гол гэдэг. Эрт дээр цагаас цагаан их хүрээ буюу нийслэл
хүрээ умраас өмнө, өмнөөс умар зүгт дайран өнгөрч байсан харь нутгийн
хүмүүс дайран өнгөрдөг үргэлж хөлхөлхөж байсан учир Хөлийн гол гэж
нэрлэдэг болсон гэдэг.
Богд хан уулын
зүүн талын хоёр амыг шажин хурах, төр хурах гэж нэрлэдэг нь 1700 оны
үед их хүрээ өвөрлөгч нутгаас нүүж халх нутагтаа ирэх замдаа лам нар
бууж хуралдсан газрыг шажин хурах, төрийн ноёд бууж хуралдсан амыг төр
хурах хэмээн нэрлэсэн домогтойн дээр XVIII зууны үеэс Богд Жавзандамба
хутагтын их шавийн харьяат шавийн ардууд алс холын Хөвсгөл нутгаас
хүрээнд ирж богд эзнийхээ орд өргөөний чанх өмнөх морин зүгт бууж
зайсангууд нь дээдэстээ алба барих зэрэгтээ бууж, морь малаа амрааж,
ажил төрлөө амжуулж, уул овоогоо тахидаг болсонтой холбогдон Ар, Өвөр,
Зайсангийн ам, Зайсан толгой нэртэй болсон гэдэг. Үүнээс гадна 1837 онд
Туул голын хойд хөвөөнд V богдын зуны орд барьж, түүний ундааны ус
болох Туул голын усыг ариутгаж, лус тахисны учир голын урд талын нэг
өндөрлөг дээр төвд үсгээр “Умаа хум” гэсэн үсгийн цагаан чулуугаар өрж
бичсэнээс хойш 99 жил болоод 1936 онд Монгол ардын хувьсгалын 15 жилийн
ойг тохиолдуулан тэр бичгийг өөрчилж Соёмбо тэмдэг, хувьсгалын 15
жилийн ой мандтугай! гэсэн уриа болгож зассанаас өдгөө хүртэл зөвхөн
тоог засдаг уламжлал тогтжээ.
1911 оны
зуны тэргүүн сарын 8-нд даншиг наадамд цугларсан хан, ван, ноёд түшмэд,
их шавийн хутагт хувилгаадын нууц хурлыг Богд хан уулын Нүхтийн амны
эхэнд тусгай байр засаж хийсэн байна. Энэ хурлыг халхын түшээт хан
аймгийн жанжин чин ван Ханддорж, Их Шавийн Да лам Цэрэнчимэд, Эрдэнэ
ван Намсрай, Далай ван Гомбосүрэн, Түшээт хан аймгийн чуулган дарга
Г.Чагдаржав, Сэцэн хан аймгийн жанжин Эрдэнэ нар зохион байгуулжээ.
Дараа нь 1911 оны 7 сарын 29-нд VIII Богд Жавзандамба хутагтын
томилолтоор Дайчин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Өвөр Монголын
зүтгэлт гүн Хайсан нар Орос улсыг зорин их хүрээнээс морджээ.


Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: